
Шальке клубын дарга Клеменс Тонниес Манчестер Юнайтед клуб Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойерийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлснийг баталлаа.
Юнайтед энэ улирлын төгсгөлөөр зодог тайлахаа зарлаад байгаа 40 настай Голланд хаалгач Эдвин Ван Дер Сарыг орлох хаалгачийг удаан хугацааны турш хайсаар байгаа билээ.
Нойерийн өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн тоглолт төдийгүй сүүлийн үед үзүүлж байгаа найдвартай тоглолт, гайхалтай хаалтууд нь Интер Милан болон Арсенал зэрэг багуудын сонирхлыг татаад байгаа ч Манчестер Юнайтед албан ёсоор сонирхож байгаагаа илэрхийлсэн ганц баг бололтой.
"Олон улсын зөвлөх бидэнтэй холбогдож, Манчестер Юнайтед Нойерыг сонирхож байгааг мэдэгдсэн. Хэрвээ Манчестер яг одоо бидэнд бичгэн хүсэлтээ ирүүлбэл, бид тэдэнтэй хэлэлцээр хийх болно" гэж Тонниес BILD-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Сир Алекс Фергюсоны энэ зуны гол зорилго нь шинэ хаалгач авах байх болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд Манчестер Юнайтедын сүүлийн үеийн амжилтад Ван Дер Сарын үүрэг оролцоо их байсан учраас түүнийг орлож чадах шилдэг хаалгачийг сонирхож байгаа нь тодорхой юм.
Энэ жил 24 настай Нойер Аваргуудын лиг төдийгүй олон улсын түвшинд тоглож байсан туршлагатай учраас одоогийн МАНЮ-ын хаалгачид болох Андерс Линдегаард болон Томаш Кушчак нараас илүүд үнэлэгдэх нь тодорхой билээ. Гэхдээ Германы аварга Байерн Мюнхен Нойерыг олон улирлын турш алдарт Оливер Каны орлогч болгон авах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд энэ зун Байерн Мюнхен болон Манчестер Юнайтед багуудын хооронд үнийг өрсөлдөөн өрнөх боломжтой юм.
No comments:
Post a Comment